Найз бүсгүйгээ хардалтын улмаас 24 удаа хутгалж онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн
У.Цэрэндаваад цаазаар авах ял оногдуулав. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын
22-ны өдөр энэ хэрэг гарсан бөгөөд У.Цэрэндаваа нь өөрийн найз бүсгүй Э-г
хардалтын улмаас хүзүү, хоолой, эгэм, цээж, суга, дал, баруун гарын хуруу,
алганд нь хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар амь насыг нь
хохироосон байна. Тэрбээр гэмт хэрэг хийчихээд талийгаач бүсгүйн гэрээс
цүнх, иргэний үнэмлэх, гар утас, сим карт, CD тоглуулагч зэргийг нь хулгайлжээ.
У.Цэрэндаваа нь
2003 оноос эхлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээ бүхий
"тетрагидро каннабинол делта 9" бодис бүхий олсны төрлийн ургамлыг
хэрэглэж байсан нь тогтоогджээ. Шүүх хурлаар хар тамхины төрлийн бодисыг борлуулах
зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж
давхар яллажээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн
хуралдаанаар өчигдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд У.Цэрэндаваад анхан болон
давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээхээр
шийдвэрлэсэн юм. У.Цэрэндаваа нь 26 настай их сургуульд сурч байгаад түр
чөлөө авсан, хэрэг үйлдэх үед тодорхой ажилгүй байсан аж.
Б.Одмаа
|