Долдугаар сарын 1-ний үймээнд
оролцсон гэх үндэслэлээр иргэдийг шүүх хурал үргэлжилж байгаа. Одоогийн
байдлаар 150 шахам хүнд үймээн самуун өдөөн турхирсан, галдан шатаасан, эд
зүйл хулгайлсан хэргээр ял оноогоод байгаа билээ. Эдгээр шүүгдэгч залуусаас
камер, дүрс бичлэгт орсон гэх баримт гарч ирээгүй талаар өмгөөлөгч нар нь
танилцуулж байсан. Энэ долоо хоногоос эхлэн дахин 100 гаруй хүнд холбогдох
шүүх хурал үргэлжилж байна. Өчигдөр Чингэлтэй, Хан-Уул дүүргийн
шүүхэд нийт 11 хүнд холбогдох шүүх хурал боллоо.
Чингэлтэй дүүргийн шүүхэд
О.Ганбаатар, Л.Санжаа, Г.Алтанбагана, Г.Алтансүх, Г.Дүүрэнбаяр, Д.Золбоо нарын
зургаан хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179.1, 147.2, 155.1 гэсэн зүйл
ангиар шүүлээ. Шүүгдэгч Л.Санжаа 15 настай буюу насанд хүрээгүй тул шүүх хурал
хаалттай болсон. Шүүгдэгч 18 настай О.Ганбаатар есөн жилийн ял авсан юм.
Тэрбээр өмнө нь дээрмийн хэрэг үйлдэн ял хойшлуулаад байсан аж. Ял хойшлуулах
хугацаа дуусаагүй байхад нэмж хэрэг үйлдсэн хэмээн тэрбээр ийнхүү хүнд
ял авчээ. Түүний өмнөх дээрмийн хэргийн нэг жил зургаан сарын ял дээр долдугаар
сарын 1-ний үймээн самуунд оролцож, хулгай хийсэн гэх долоон жил зургаан сарын
ялыг нэмж нийт есөн жилийн ял оноов. Түүнтэй хамт сэжигтнээр татагдан шүүгдсэн
15 настай Л.Санжаагийн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад шүүгдэгч нарыг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1 буюу гэмт хэргийн шинжтэй эд зүйл гэдгийг
мэдсээр байж авсан хэмээн нэг сар баривчлах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл,
үймээний үеэр хаягдаж, алдагдсан эд зүйлийг авсан хэмээн буруутган ийнхүү
баривчлах ял оноожээ.
Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд
17-27 насны таван хүнд холбогдох шүүх хурал хаалттай болсон.
Н.Тэмүүжин, Д.Цэрэндорж, Б.Лхагвасүрэн,
Т.Энхболд, С.Хурцболд нарыг үймээн самуунд оролцож, алдагдсан, хаягдсан эд
зүйлийг авсан гэх үндэслэлээр буруутгаж шүүлээ. Шүүх бүрэлдэхүүн хуралдаад
Н.Тэмүүжинг дөрөв, бусдыг нь гурван сар баривчлах шийдвэрийг гаргажээ.
|