Баасан, 2008 оны 11-р сарын 7
Б.Хонгорзулын ээж Б.Болормаа
"Ганц худаг"-т хоригдож буй. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх
Б.Болормаад долдугаар сарын 1-нд үймээнд оролцож, төрийн цагдаагийн өмнөөс
чулуугаар зэвсэг хийн дайрсан гэх үндэслэлээр гурван жилийн ял оноосон аж.
Б.Хонгорзултай уулзахаар XIV дунд
сургуульд очиход ангийнх нь багш Д.Цогзолмаа "Хонгорзул манай ангийн
тэргүүний сурагчдын нэг. Ээж нь ч хоёр хүүхдийнхээ төлөө маш их зүтгэдэг.
Түүнийг манай сургуулийн бүх багш нар танина. Өдөр бүр л хүүхдүүдээ асууж,
сураглаж явдаг юм. Гэтэл долдугаар сарын 1-ний хэргээр шоронгийн хаалга
татчихлаа. Би Хонгорзулынхаа ээжийг үймээн зохион байгуулаад, хүмүүсийг уриалаад
явах хүн биш гэдэгт итгэдэг. Гэтэл зарим телевизээр Б.Болормааг "МАХН-ын
байр шатаасан. Тиймээс охин нь ээжийгээ өршөөхийг гуйж байгаа" мэтээр
гаргах юм. Энэ нь охинд маш хүндээр тусч байгаа" гээд ярилцахгүй байсан нь
дээр гэсэн юм.
Харин Б.Хонгорзул "Миний ээж
буруу хэрэг хийгээгүй. Тиймээс би хүмүүсээс ичихгүй" гээд ээжийнхээ,
амьдарлынхаа талаар ярихыг зөвшөөрсөн юм. Ээжийнхээ тухай ярих бүртээ хоолой
нь зангирч байсан ч нэг ч удаа нулимс унагасангүй.
-Миний дүүгийн шүд нь өвдөөд байгаа
гэсэн гайгүй юу. Эмчлүүлж чадав уу?
-Долоо хоногийн өмнөөс шүд өвдөөд,
буйл хавдчихсан. Шүдээ эмчлүүлээд дөрөв хоног хичээлдээ суусангүй. Зарим үед
ээжийнхээ эгчтэй эмнэлэг явна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд ганцаараа эмнэлэг явдаг
болсон. Эгч маань завгүй л дээ. Шүдээ эмчлүүлж байгаа болохоор гайгүй байна.
Олон хоног хичээлээ хийхгүй бол сурлага муудна гээд сургуульдаа ирлээ.
-Ээжийгээ явснаас хойш хаана амьдарч
байгаа вэ?
-Ээжийг шорон руу аваад явснаас хойш
дүү бид хоёр эмээгийнд байгаа. Эмээ бид хоёрыг халамжилж байгаа ч гэсэн ээж
байхгүй болохоор нэг л муухай. Гэртээ ч, гадуур явсан ч, хичээл дээрээ байсан
ч ээж минь нүдэнд харагдаад байх юм. Бие муутай болохоор яаж байгаа бол гэж
санаа зовоод л.
-Дүү нь хэддүгээр ангид сурдаг
билээ?
-Хоёрдугаар анги. Харин би
дөрөвдүгээр ангид сурдаг. Бид хоёр сургуулийнхаа сайн сурагчдын тоонд ордог юм.
Дүү маань сүүлийн үед ээжийг санаад байх шиг байна. Шөнө "Ээж ээ"
гэж орилж зүүдлээд, уйлаад байгаа. Бас хүнтэй ч юм ярихгүй, бодол болоод л. Бид
хоёр хоёулаа ээжийгээ санаж байгаа ч дүүгээ илүү өрөвдөх юм.
-Та нар өмнө нь эмээгээсээ тусдаа
амьдарч байсан уу. Ээж нь юу хийдэг байсан бэ?
-Манай аав намайг дөрвөн настай
байхад яваад өгсөн. Биднээс тусдаа амьдардаг. Бид гурав ээжийн хамаатны гэрт
амьдардаг байлаа. Ээж хоол хийж "Нарантуул" зах дээр зардаг. Банштай
цай, бууз нь сайн борлогдвол өдөрт арван мянган төгрөг олчихно. Түүгээрээ бид
хоёрт хувцас авч өгөөд, хоол ундаа залгуулдаг. Ээж маань "Миний хоёр хүүхэд
онц сураад "том" хүн болоорой. Тэгвэл ээж нь жаргана" гээд бид
хоёрт хэрэгтэй бүх зүйлийг яаж ийж байгаад авч өгдөг. Бид хоёр ч гэсэн
ээжийнхээ үгэнд ороод л. Дүү бид хоёр амралтынхаа өдөр ээжтэйгээ хамт хоол
зардаг. Ээжийн бие өвддөгийг эс тооцвол манайх гоё айл байсан.
-Ээжийнх нь юу өвддөг юм бэ?
-Бамбай булчирхайтай юм. Өвчин нь
хүндрээд гуравдугаар үедээ орчихсон. Ээж хоолоо зарж ирчихээд, бид хоёрын
хичээлийг давтуулдаг. Тэгээд зарим үед нүүрээ цэвэрлэж байгаад ухаан алдаад
уначихдаг. Тэр үед дүү бид хоёр маш их айдаг. Тэгээд ээж бид хоёрыг айлгахгүй
гээд бамбайгаа эмчлүүлж байсан юм. Бүр эмчийн хяналтад орчихсон. Долдугаар
сарын 1-нд шинжилгээнийхээ хариуг авах гэж яваад үймээнийг харсан гэсэн.
-Үймээнд оролцоогүй юм уу?
-II эмнэлэгт бамбай булчирхайны
шинжилгээ өгснийхөө хариуг авчихаад 14.30 цагийн үед гэр рүүгээ явж байхад нь
хүмүүс жагсаж байсан гэсэн. Жагсаалд очоод Жаргалсайхан дарга үг хэлэхийг харж
байтал цагдаа нар хэдэн хүүхдүүдийг өшиглөөд зодоод байсан гэсэн. Тэр хүүхдүүд
хүмүүсийн дундаас шил, лааз л түүж явснаас цагдаад саад болоогүй юм билээ. Ээж
хүүхдүүдийг битгий зод гэтэл цагдаа "Дуугүй бай, муу хар авгай" гэж
доромжлоод, хөөсөн гэсэн. Тэгэхээр ээжийн уур хүрээд, хайрга шидсэн гэдэг.
-Тэгээд яагаад ээжийг чинь
баривчилсан юм бол?
-Ээж долдугаар сарын 3-нд аавтай
уулзахаар ажил руу нь явсан. Тэгээд МУИС-ийн орчимд явж байхад нь цагдаа нар
таарч "Та над руу чулуу шидсэн хүн мөн байна" гээд баривчилсан гэсэн.
Ээжийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст "Чулуу шидсэн биз дээ"
гэх мэтээр байцааж байгаад явуулсан. Ээж ч үнэнийг хэлсэн гэсэн. Тэрнээс хойш
хааяа дуудаж байцаадаг байсан юм. Гэтэл шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө
ээж, дүү хоёр гэрт байхад цагдаа нар ирээд ээжийг баривчлаад явсан байна лээ.
Намайг хичээлээсээ ирэхэд дүү маань уйлчихсан ганцаараа байсан. Цагдаа нар
миний дүүг уйлуулж орхиод ээжийг маань шорон руу аваад явсан нь тэр.
Шүүгчид ээжийг МАХН-ын байрыг
шатаасан, цагдааг зодсон гээд гурван жилийн ял оноосон. Шүүх хурал аравдугаар
сарын 21-нд болсон. Ээжийгээ цагаадна гэж итгэж байсан болохоор бид хоёр
очоогүй. Хурлын үеэр ээжийгээ уйлаад л байсныг эгчээс мэдээд бид хоёр зөндөө
уйлсан.
-Шүүх хурлаас хойш ээжтэйгээ уулзсан
уу?
-Нэг л удаа очсон. Ээжийн минь царай
цонхийгоод, муухай болчихсон байна лээ. Ээж ч уйлаад, дүү ч уйлаад хэцүү
байсан. Дүү маань "Би ээжтэйгээ үлдье" гээд уйлаад явдаггүй,
өрөвдмөөр.
-Ээжийнх нь бие гайгүй байна уу?
-Шоронд гурван удаа ухаан алдсан
гэсэн. Чийгтэй газар бамбайных нь өвчин хүндрээд байгаа. "Ганц худаг"-ийн
эмч "Битгий баашлаад ажилд саад болоод бай" гэж загнасан гэсэн.
Би урьд нь алдартай сэтгүүлч болоод
ээжийнхээ өвчнийг гадаадад эмчлүүлнэ гэж боддог байлаа. Харин сүүлийн үед
нэртэй сэтгүүлч болж байгаад ээжийгээ хэлмэгдэж шоронд орсон, буруугүй гэдгийг
хүмүүст мэдрүүлнэ гэж боддог болсон. "Намайг сурагч байхад Монголд тийм
муухай юм болж, ээж минь хэлмэгдсэн юм" гээд л ирээдүйн хүүхдүүдэд үнэн
түүхийг хүргэнэ.
-"Тийм муухай юм" гэдгээ
тодруулаач?
-Би бодоод л байдаг юм. Тэр том
дарга нар нь гарч ирээд хүмүүстэй уулзсан бол миний ээж шоронд орохгүй байсан
гэж. Бас над шиг олон хүүхдийн аав, ээж шорон гэдэг муухай газрын хаалга
татахгүй байсан. Улс төр гэдэг муухай юмнаас болж олон аав ээж шоронд зовж
байна. Бас олон хүүхэд ээжийгээ, аавыгаа санаад дүү шиг минь шөнө нь зүүдэлж,
өдөр нь уйлж байна шүү дээ.
"Миний ээж шоронд байгаа"
гэж найзууддаа хэлэх байтугай бодохоос ч хэцүү. Би ээжгүй амьдралдаа өлсч
байна, даарч байна гэж ярихгүй. Миний өлсөх, даарах ээжийн маань зовж байгаагийн
дэргэд юу ч биш. Харин ээжийгээ санаад, бас дүүгээ өрөвдөөд маш их ганцаардаж
байгаа минь л хэцүү юм.
-Лхагва, баасан гаригт "Ганц
худаг"-т эргэлтийн өдөр байх аа. Ээжтэйгээ уулзах уу?
-Эгч эргэх бичиг авахаар хөөцөлдөж
байгаа. Бүтвэл уулзах байх аа. Гэхдээ олон очоод байвал ээжийн минь сэтгэл
үймэрчихнэ.
-Чи бас их юм бодоод байвал сайн
сэтгүүлч болж, ээжийнхээ талаар хүмүүст хүргэхэд хэцүү шүү дээ?
-Тиймээ. Хэдийгээр бид гурвын
амьдрал хэцүү байгаа ч би онц сурах ёстой. Тэгээд л шүд өвдсөн ч гэсэн хичээлдээ
сууж байна. Зарим телевизүүд ээжийг минь МАХН-ын байрыг шатаасан, бусдын эд
хөрөнгийг авсан мэтээр мэдээлээд байх юм. Тиймээс хүмүүс ээжийг минь ухаан
муутай гэж бодож байгаа байх. Харин миний ээж дүү бид хоёрыг юугаар ч дутаалгүй
өдий хүргэсэн. Цагдаа нар хүүхдүүдийг зодож байхыг хараад дүү бид хоёр ээжийн
нүдэнд харагдсан гэсэн. Тэгээд л боль гэж хэлсэн байх. Ээж шиг минь хэлмэгдсэн
олон хүн шоронд байгаа. Энэ үнэнийг л ирээдүйн хүүхдүүдэд хүргэнэ. Сэтгүүлч
болох юм бол л бүх хүмүүст ээжийнхээ талаар ярьж болно шүү дээ.
-Чи аавынхаа талаар ерөөсөө
ярьсангүй?
-Намайг жаахан, дүүг минь нялх
байхад аав яваад өгсөн. Тийм болохоор юуг нь ярих вэ дээ.
-Ээжийн чинь өмгөөлөгч давж
заалдана гэж байсан. Дараагийн шатны шүүхээр ээж чинь цагаадна байх. Чи ч ингэж
бодож байгаа байх?
-Одоо хоёр ч шүүхээр хэлэлцдэг
гэсэн. Шүүх үнэнээр шүүдэг бол ээжийг цагаатгах байх. Гэхдээ өдөр бүр л олон
хүнийг үймээнд оролцсон гээд шорон руу авч явах юм. Олон хүн ял сонсч байгааг
телевизээр хараад "Дүү бид хоёр шиг олон хүүхэд аавгүй, ээжгүй олон жил болох
нь дээ" гэж бодохоор хэцүү байдаг. Тэр хүүхдүүдийн сэтгэл яг л бид
хоёрынх шиг өвдөж байгаа.
Томчуудын ярьж байгаа цагаатгах
хуулийг баталчихвал олон дамжлагатай шүүх хурал хүлээлгүй хүүхдүүд, аав,
ээжтэйгээ уулзана шүү дээ. Бас олон ах нар ээждээ очно. Тиймээс шүүх хурал
хүлээхээс илүү цагаатгах хууль нь гараасай л гэж бодож байна.
|